Монголын анхны крипто мэдээний сайт

Террагийн Даниел Шин LUNA/UST ослын талаар шүүхэд мэдүүлэг өгөв

2023-03-31


Terraform Labs-ийг үүсгэн байгуулагчдын нэг Шин Хён Сонг (Дэниел Шин нэрээр алдаршсан) төслийн уугуул токен болох LUNA болон түүний алгоритмын стаблькойны уналтад гүйцэтгэсэн өөрийн үүрэг оролцооны талаар байцаалт өгөхөөр Өмнөд Солонгосын шүүхэд иржээ.

Энэхүү сүйрлийн улмаас хөрөнгө оруулагчид ойролцоогоор 40 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Үүний цаад гол буруутан болох До Квон хэдэн сарын турш оргож байгаад саяхан Монтенегрод баривчлагдсан билээ.

Квоны баруун гарыг шалгаж байна

Мэдээлэлд дурдсанаар, Шин 3-р сарын 30-нд Сөүлийн өмнөд дүүргийн шүүхэд хүрэлцэн ирж, Террагийн уналтын талаар илүү их, чухал мэдээлэл өгсөн байна. Гэсэн хэдий ч сэтгүүлчид түүнээс "Тмон төлбөрийн аргыг ашиглахыг шаардаж байснаа та хүлээн зөвшөөрч байна уу?" болон "Та Терра, Луна хоёр сүйрэх магадлалтайг мэдсээр байж үүнийг гаргасан нь үнэн үү?" гэж асуухад тэрээр чимээгүй байв.

Солонгосын эрх баригчид өмнө нь түүнийг Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Цахим санхүүгийн гүйлгээний тухай хууль, Эдийн засгийн тусгай гэмт хэргийн хүндрүүлсэн ялын тухай хууль зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан.

Мөн Сөүлийн Өмнөд дүүргийн прокурорын газар Шинийг LUNA/UST бүтэлгүйтэхээс өмнө хууль бусаар ашиг олсон гэж сэжиглэжээ. Тодруулбал, тэд түүнийг холбогдох агентлагуудад мэдэгдэлгүйгээр LUNA токенуудыг хадгалж байгаад 106 сая доллараар зарсан гэдгийг тодруулсан байна. Хууль сахиулагчид эдгээр хөрөнгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хураан авсан.

Нөгөөтэйгүүр, Шин 2020 онд Terraform Labs-тай харилцаагаа тасалж, олон тэрбумын уналтад буруугүй гэж мэдэгдэв.

"Би Терра, Луна хоёрын сүйрлээс хоёр жилийн өмнө Terraform Labs-ийг орхисон бөгөөд сүйрэлтэй ямар ч холбоогүй" хэмээн өөрийг өмөөрсөөр байгаа аж.