Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон Терра сүйрлийн өмнөхөн хуулийн фирм рүү 7 сая доллар шилжүүлжээ

2023-04-18


Хуучин крипто магнат До Квон өнгөрсөн хавар Терра сүйрэхээс өмнө Ким & Чанг хуулийн фирм рүү 9 тэрбум вон (ойролцоогоор 6,9 сая доллар) илгээсэн болох нь ил болжээ.

Тодруулбал Bloomberg-ийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын прокурорууд Квон нь аймшигт сүйрлийн өмнөхөн Ким & Чанд мөнгө шилжүүлсэн гэсэн сүүлийн үеийн таамаг "худлаа биш" гэж мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, хуулийн компани энэ талаар нэмэлт мэдээллийг хуваалцахаас татгалзжээ.

Тус компаниас “Бид уг тохиолдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бид хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээгээ хэвийн явуулж, үйлчилгээний төлбөрийг хууль ёсны дагуу авсан” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Үүнээс гадна олон агентлаг, зохицуулагчид, түүнчлэн прокурорууд Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч Квоныг 2022 оны 5-р сард LUNA болон алгоритмын тогтвортой коин UST-ыг сүйрүүлсэн гол буруутан гэж үзэж байна.

Сүйрлийн улмаас 60 тэрбум доллар зах зээлээс арчигдсанаас гадна хөрөнгө оруулагчид маш их хохирол амссан тул  зарим нь амиа хорлоход хүрсэн. Нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Квон тухайн үед холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаагүй бөгөөд шүүх хурлаас зайлсхийхийн тулд эх орноосоо зугтсан юм.

Дубай, Сингапур, Орос, Серби зэрэг олон таамаг байсан ба түүний хаана байгаа нь бараг нэг жилийн турш нууц хэвээр байв. Эцэст нь түүнийг 2023 оны 3-р сард Монтенегро улсын нийслэл Подгорица хотын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.

Дотоодын шүүгчид Квоныг 30 хоногийн турш орон нутгийнхаа нутаг дэвсгэрт хорино гэж шийдвэрлэсэн боловч түүний өмгөөлөгчид шийдвэрийг давж заалдахаа амлав.

АНУ болон Өмнөд Солонгосын аль аль нь түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг хааш нь шилжүүлэх нь одоогоор  тодорхойгүй хэвээр байна.