Монголын анхны крипто мэдээний сайт

Испани улсын цагдаа нар хөрөнгө оруулагчдаас 110 сая доллар залилсан крипто луйврыг зогсоов

2023-04-27


Испанийн эрх баригчид буюу Guardia Civil (Испанийн хамгийн эртний хууль сахиулах байгууллага) нь криптовалютын их хэмжээний луйврыг зохион байгуулсан гэмт хэргийн байгууллагыг таслан зогсоолоо. Гэм буруутай этгээдүүд дэлхийн өнцөг булан бүрээс 3000 гаруй хүний 100 сая евро буюу 110 сая долларыг завшсан байна.

Цагдаа нар Алава мужийн нэгэн иргэн крипто луйврын хэрэгт орооцолдсон гэх гомдлыг хүлээн авсны дараа "Мандоа" гэх ажиллагааг эхлүүлжээ.

Баскийн улс болон Балеарийн арлуудыг хамарсан мөрдөн байцаалтын явцад эдгээр хуурамч хөрөнгө оруулалтыг хүлээн авагч нь Пальма де Майорка дахь пүүс байсан гэдгийг олж тогтоов.

Тус байгууллагын гишүүд утсаар ярих, сонин хэвлэлээр зар сурталчилгаа, мессежээр дамжуулан хохирогчдыг өөрсдийн төлөвлөгөөнд уруу татаж, тэдэнд эрсдэлгүй өндөр ашиг амладаг болохыг батлав.

Үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулж, мөнгө хүлээн авсны дараа луйварчид хөрөнгө оруулалтынх нь ашгийг хуурамчаар харуулдаг вэб сайт руу нэвтрэх боломжийг олгосон. Гэмт хэрэгтнүүд  хохирогчидод өөрсөдтэй нь байнга холбоотой байхыг зааварласан бөгөөд ингэснээр тэднийг уг схемд үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг ятгадаг аж.

Гэсэн хэдий ч бүлэглэл ашиг орлогынхоо тодорхой хэсгийг авах гэсэн хүмүүсийн хүсэлтийг биелүүлээгүй. Харин жилийн тайлан тэнцэл хаагдсан, татвар төлсөн гэх мэт шалтаг хэлээд шимтгэл төлөхийг хүмүүсээс шаарддаг байжээ.

Цагдаа нар одоогийн байдлаар зөвхөн нэг сэжигтнийг гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй хэмээн Майорка хотод саатуулаад байна.