Монголын анхны крипто мэдээний сайт

Солонгосын финтек компани баавгайн улирлын үеэр 10,000 шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөж байна

2022-07-13


Upbit крипто бирж болон бусад хэд хэдэн блокчэйн болон үнэт цаасны платформуудыг ажиллуулдаг Өмнөд Солонгосын томоохон финтекийн фирм Dunamu ирэх таван жилд 10,000 орчим шинэ Web3 ажлын байр бий болгохын тулд 500 тэрбум вон (380 сая доллар) төсөвлөхөөр болжээ.

Тус пүүс илүү олон фирмүүдийг Web3 салбарт нэгдэхийг дэмжихийн тулд тусгай программ хангамж, санхүүжилт санал болгож байна гэж Korea JoongAng Daily мэдээлэв.

Түүнчлэн Dunamu 2018 оноос хойш блокчэйн төвтэй пүүсүүдэд 88 тэрбум воны (67 сая долларын) хөрөнгө оруулалт хийгээд байна. Дунамугийн гүйцэтгэх захирал Ли Сиргоо мэдэгдэлдээ:

"Бид блокчэйн, NFT болон метаверс зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад идэвхтэй хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох замаар дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Финтекийн аварга тус компани улс даяар томоохон хотуудад оффисуудыг нээж, Web3 экосистемд шинэ хүмүүсийг оруулах сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах зорилготой юм. Хөтөлбөрт шинээр төгссөн их дээд сургуулийн оюутнуудад давуу эрх олгох бөгөөд 500 шинэ гарааны бизнес бий болгох төлөвлөгөөтэй байна.

Финтекийн аварга компани нь 8 тэрбум гаруй долларын хөрөнгийг удирддаг бөгөөд Upbit нь тус улсын крипто арилжааны 80 гаруй хувийг бүрдүүлдэг.

10,000 шинэ ажлын байр бий болгох тухай дээрх мэдэгдэл нь баавгайн зах зээлийн улмаас хэд хэдэн крипто фирмүүд ажилчдаа цомхотгох тухай зарласан үед гарч байна. Gemini, Bitso, Coinbase, Vauld болон бусад хэд хэдэн тэргүүлэгч крипто фирмүүд сүүлийн хоёр сарын хугацаанд томоохон хэмжээний цомхотгол хийсэн билээ.