Монголын анхны крипто мэдээний сайт

Киргиз улс усан цахилгаан эрчим хүчээр ажилладаг крипто олборлох уурхай барина

2023-07-29


Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров тус улсын хамгийн том гол болох Нарын голын ойролцоох усан цахилгаан станцад криптовалют олборлох ферм байгуулахыг зөвшөөрчээ.

Хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 20 сая долларын өртөгтэй байх бөгөөд станц нь шаардлагатай хэмжээнээс илүү их цахилгаан үйлдвэрлэдэг үе байдаг тул эрчим хүчний алдагдлаас зайлсхийх нэг арга зам байж болох юм.

Уг станц нь 2010 онд ашиглалтад орсон бөгөөд жил бүр 120 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч энэ хэмжээнээс ердөө 90 МВт-ыг л ашиглах боломжтой, өөрөөр хэлбэл үлдсэн 30 МВт нь “агаарт шингэсэн” гэсэн үг. Санхүүгийн хувьд энэ алдаанаас болж 37 сая гаруй долларын алдагдал хүлээдэг байна.

“Зуны өдрүүдэд цахилгаан хангалттай байдаг. Бүр давсан. Бид хаана ч зарж чадахгүй. Тиймээс эрчим хүчний системд ашигтай байх үүднээс ачаалал даах боломжтой газруудыг зөвшөөрч байна” гэж Жапаров тайлбарлав.

Цахилгаан станцын бүтээмж тийм ч өндөр биш байгаа өвлийн улиралд крипто олборлох байгууламж нь үйл ажиллагаагаа түр хааж болно гэж тэр хэлэв. Олборлолтын бүтээн байгуулалт ойрын есөн сард дуусах ёстой.

Нэмж дурдахад, Засгийн газар олон усан цахилгаан станц барьж, хөрш орнууддаа эрчим хүч экспортолж эхлэх бодолтой байна гэж Жапаров мэдэгдэв.

“Ирэх жилээс CASA 1000 шугамаар Пакистан, Афганистан руу цахилгаан экспортлох зорилт тавьсан. Бид Дэлхийн банкны өмнө амлалт өгсөн. Тиймээс усан цахилгаан станц барих ажлын хурдыг нэмэгдүүлж байна” гэдгийг мөн цохон тэмдэглэлээ.