Монголын анхны крипто мэдээний сайт

OneCoin понзи схемийг үүсгэн байгуулагч 20 жилийн хорих ял авлаа

2023-09-18


OneCoin-ийг үүсгэн байгуулагч, Ружа Игнатовагийн баруун гар Карл Себастьян Гринвуд крипто луйврын томоохон төслүүдийн нэгэнд оролцсон хэргээр 20 жилийн хорих ял сонслоо.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр, Шведийн иргэн Карл Себастьян Гринвудын шүүх хурал есдүгээр сарын 11-ний мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон байна. Гринвуд OneCoin төслийн гол дэмжигч байсан. Прокурорууд түүнийг Понзи схемээс 300 сая доллар олсон бөгөөд энэ мөнгөний тодорхой хэсгийг загвар зохион бүтээгчийн хувцас, Sunseeker дарвуулт онгоцны урьдчилгаа гэх мэт тансаг хэрэглээнд зарцуулсан гэж мэдэгджээ.

Гринвуд Тайланд, Испани, Дубайд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд мөн хувийн OneCoin тийрэлтэт онгоц ашиглан тансаг аялал хийсэн. Гэсэн хэдий ч үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр 2018 онд Тайландад баривчлагдаж, улмаар АНУ-д шилжүүлэн өгч, хууль бус үйл ажиллагааныхаа хэргээр 60 хүртэлх жилийн хорих ял сонссон юм.

Гүйцэтгэх захирал хожим нь OneCoin-ийг санаатайгаар сурталчилж, хохирогчдыг залилан мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүхээс өршөөл үзүүлэхийг гуйсан. Гринвуд мөн Тайланд, АНУ-д хоригдож байхдаа маш хүнд нөхцөлд орсон гэж мэдэгдэж, 2022 оны арванхоёрдугаар сард үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн.

Ружа Игнатовагийн үүсгэн байгуулсан Болгарт төвтэй OneCoin төсөл дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум гаруй доллар залилсан байна.

Greenwood-аас гадна OneCoin-ийн өөр нэг гүйцэтгэх захирал Ирина Дилкинска АНУ-д залилан мэхэлж, мөнгө угаах хууль зөрчсөн хэргээр дээд тал нь 40 жилийн хорих ял авч магадгүй юм.

Игнатовагийн хуучин найз залуу Гилберт Армента 2023 оны хоёрдугаар сард OneCoin-ийг сурталчилсан хэргээр таван жилийн хорих ял авсан. Армента OneCoin-ын луйвраас олсон орлогоосоо 300 сая доллар угааж, тийрэлтэт онгоц болон бусад тансаг эд зүйлсийг худалдаж авсан гэх мэдээлэл байна.

Холбооны мөрдөх товчооны (ХМТ) хамгийн их эрэн сурвалжлагдаж буй оргодолын арван хүний жагсаалтад багтсан Игнатоваг 2018 онд алагдсан гэх цуу яриа байдаг.