Монголын анхны крипто мэдээний сайт

Солонгосын прокурорууд Terraform Labs-тай холбоотой 7 крипто биржид шалгалт хийжээ

2022-07-21


Өмнөд Солонгосын прокурорууд Террагийн сүйрэлтэй холбоотой залилангийн хэргийг шалгах явцдаа орон нутгийн долоон крипто биржид шалгалт хийжээ. Уг ажиллагаа нь Terra экосистемийн сүйрэл нь Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал До Квонын санаатай алхам байсан эсэхийг тогтоох зорилготой юм.

Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газар лхагва гарагт Bithumb, Upbit, Coinone болон бусад дөрвөн биржид шалгалт хийж, Terraform Lab-ийн сүйрэлтэй холбоотой залилангийн хэргийг шалгахаар болсон тухай Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлэв.

Мөрдөн байцаалтын баг 17:30 цагийн орчимд крипто компаниудаас гүйлгээний бүртгэл болон бусад материалыг хураан авч эхэлжээ.

Томоохон биржүүдээс гадна уг хэрэгт холбоотой байж болзошгүй бусад найман газарт прокурорууд нэгжлэг, шалгалт хийсэн гэж тайланд дурджээ.

Шалгалтынхан хураан авсан материалд дүн шинжилгээ хийж, гэрчүүдээс байцаалт авч, сүйрлийн нийт хохирлын хэмжээг тогтооно. Мөн мөрдөн байцаагчид Квон болон түүний баг сүйрлийг "санаатайгаар" хийсэн эсэхийг шалгах аж.

Үүнээс гадна, Uppsala Security-ийн гүйцэтгэх захирал Ким Хёнг мөрдөн байцаагч, зохицуулагчдад хэлэхдээ Coinbase, Binance зэрэг төвлөрсөн биржүүд хоёулаа холбоотой байж болзошгүй тул энэ асуудлыг шалгахыг уриалав.

Сонирхуулхад, Өмнөд Солонгосын Хууль зүйн яам болон АНУ-ын агентлагууд хамтран Террагийн сүйрэл зэрэг олны анхаарлыг татсан хэргүүдийн мөрдөн байцаалтын мэдээллийг хуваалцах замаар крипто гэмт хэрэгтэй тэмцэх харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.