Монголын анхны крипто мэдээний сайт

До Квоныг шилжүүлэн өгөхийг Монтенегрогийн шүүх зөвшөөрөв

2023-11-25


Terraform Labs-ийн үүсгэн байгуулагчдын нэг До Квоны тухай түүх үргэлжилсээр байгаа бөгөөд Монтенегрогийн шүүх түүнийг Өмнөд Солонгос эсвэл АНУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн шийдвэрийг өчигдөр гаргажээ. 


11-р сарын 24-нд тус шүүхийн вэб сайтад нийтлэгдсэн албан ёсны мэдэгдлийн дагуу Подгорица хотын Дээд шүүх Квоныг шилжүүлэн өгөхөд тавигдах хуулийн шаардлагыг тодорхойлсон байна.


Шүүх Квоныг АНУ эсвэл Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн тул түүнийг шилжүүлэн өгөх эцсийн шийдвэрийг Монтенегрогийн Хууль зүйн сайд гаргана гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.


Өмнө нь Монтенегрогийн шүүх 2023 оны зургадугаар сард Квоныг Коста Рикагийн хуурамч паспорт ашиглан хувийн онгоцоор Дубай руу зугтахыг оролдсон хэрэгт буруутай гэж үзэн дөрвөн сарын хорих ял оноож байсан юм.


Хууль зүйн сайд шүүгдэгчийг эцсийн байдлаар шилжүүлэн өгөхийг зөвшөөрвөл хуурамч бичиг баримт үйлдсэн тохиолдолд өмнө нь зарласан эрүүгийн шийтгэлийг хэрэгжүүлсний дараа шилжүүлэн өгөх болно гэж шүүхийн мэдэгдэлд тэмдэглэжээ.