Монголын анхны крипто мэдээний сайт

До Квоныг АНУ руу шилжүүлнэ

2023-12-08


Монтенегрогийн Хууль зүйн сайд Андрей Милович Терраформ лабораторийг үүсгэн байгуулагч До Квоныг АНУ-д шилжүүлэн өгөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн тухай The Wall Street Journal саяхан мэдээлсэн байна.


Энэ шийдвэр нь Квоныг цагдан хорихтой холбоотой олон улсын маргаан, АНУ болон Өмнөд Солонгос хоёр түүнийг шилжүүлэн өгөхийн төлөө тэмцэж байгаа үед гарсан юм. Өмнөд Солонгосын иргэн Квонд 2022 оны тавдугаар сард 40 тэрбум долларын зах зээлийн уналтад хүргэсэн TerraUSD болон Luna гэх криптовалютуудын уналттай холбоотой луйвар, үнэт цаасны хууль зөрчсөн хэргээр АНУ-д хэрэг үүсээд байгаа билээ.


Монтенегрогийн шүүх өнгөрсөн сард Квоныг шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн бөгөөд эцсийн шийдвэрийг сайд Миловичид үлдээсэн юм.


Эргэн сануулахад Квоныг Терраформ лабораторийн санхүүгийн ажилтан асан Хан Чан Жуны хамт гуравдугаар сард Подгорица хотод баривчилжээ. Тэднийг Дубай руу нисэх гэж байхад нь хуурамч паспорт ашигласан хэргээр буруутгасан байна. Монтенегрогийн шүүхээс хоёуланд нь дөрвөн сарын хорих ял оноосон ба уг ял дуусах үед түүнийг аль нэг улсад шилжүүлэх өгөх юм.