Монголын анхны крипто мэдээний сайт

PIZA койны review

2024-05-15


2021 оны 11-р сард биткойн шинэ дээд ханшаа тогтоож байхтай зэрэгцээд Монголд маш олон койн, токен гарч монголчууд ч хохирохоо мэдсэн хэрнээ л шуурцгаасан. Тухайн үед амтай бүхэн л сануулж, сэрэмжлүүлж байлаа. 

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ төрлийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тэр ч байтугай, койн гаргагчид өөрсдийн төслийг санал болгохдоо ямар ч баталгаа амлахгүй гэдгээ ил тод мэдэгдэж байв.

Тэр үеэс хойш 3 жил өнгөрч, биткойн ч ахин шинэ дээд ханшаа тогтоож, крипто зах зээл ч дэлхийд харьцангуй сэргэлээ. Харин Монголд гарсан токенуудын анх амлаж байсан roadmap хэр биелэв, үүсгэн байгуулагчид төслийн баг нь хаана байна, койных нь ханш нь биткойныг дагаад сэргэв үү? Энэ бүхний хариултыг бид бүгд мэдэж байгаа тул нуршаад дэмий биз. 

Монголд гаргасан тэдгээр токены төслийн ихэнх нь хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгөөр өөрт байхгүй зүйлийг бүтээж байгуулна гэж амласан нь магадгүй хүрэхэд дэндүү хол, хийхэд хэцүү байсан болов уу. Нохойн хоолыг АНУ руу экспортлохоос эхлүүлээд үл хөдлөх хөрөнгө түрээслэсэн орлогоос эзэмшигчиддээ хувиарлана гэх мэтчилэн хэтэрхий хол амлалтууд байсан. Гэсэн хэдий ч төслийн баг хөгжүүлэлтээ хийгээд, ажлаа хийсэн бол крипто зах зээлийн нэр хүнд Монголын хөрөнгө оруулагчдын дунд ингэж унахгүй байсан гэдэгт 100% итгэлтэй байна. 

Одоогоор Монголын зах зээлд арилжаалагдаж буй 40 орчим койнуудын ихэнхийнх нь сүүлийн 24 цагийн арилжааны хэмжээ 0% байгаа нь гайхах зүйл биш юм.

Нөхцөл байдал тааруухан, хөрөнгө оруулагчдын итгэл бага байгаа хэдий ч өөр нэг токен өөрийн IEO-гоо хийх гэж буй нь анхаарал татлаа. 

Улаанбаатар хотоор хаад нэг харагддаг пиззаны вендинг машин койн гаргахаа зарлав. Whitepaper-ыг өнгөц харахад хамгийн их анхаарал татсан зүйл нь 5 тэрбум PIZA токены 97%-ийг олон нийтэд IEO хэлбэрээр санал болгож, үлдсэн 3%-ийг "Автомат Пицца" ХХК болон түүний толгой компанийн 150 ажилчиддаа үнэ төлбөргүй хуваарилна гэв. 150 ажилчид ашгаа харгалзан үзэж, бүх хөрөнгөө борлуулсан ч зах зээлд нөлөөлөх нь юу л бол гэж бодогдов. Харьцуулбал, SPC койны IEO-д нийт койны 15% буюу 90 тэрбум SPC койн, CRX койны 10% зах зээлд гарч байв. 


Мөн“Автомат Пицца" ХХК-ийн 30ш Автомат Пиццаны төхөөрөмжүүд хотын хүн амын хамгийн төвлөрөл их хэсэгт байршиж, 2022 оны 10-р сараас хойш 50,000 ш пиццаг давхардсан тоогоор 100,000 гаран хүнд хүрч үйлчилсэн ба хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад тус токеноор пизза худалдаж авахад бэлэн, мөн тус токеныг худалдаж авна гэж 40 орчим хувь нь хариулжээ. Үүнээс харахад уг токен IEO-ний дараа ч маш өндөр хэрэглээтэй байх боломжтой харагдаж байна. Мөн өмнө нь гарч байсан олон “тэнгэрийн” амлалтуудыг бодвол тэд хөрөнгө босгож хийж чаддаг зүйлээ үргэлжлүүлж, бизнесээ өргөжүүлж байгаа бололтой. 


Гэсэн хэдий ч койн гэдэг нэршил нь таалагдсангүй. Үндсэндээ тэдний гаргаж байгаа нь койн биш токен юм. Койн гэдэг нь маш товчхондоо өөрсдийн блокчейн дээр гаргаж байгаа зоос. Жишээлбэл биткойн блокчейны BTC койн, Corex блокчейны CRX койн гэх мэтчилэн. PIZA нь Polygon блокчейн дээр гарч буй токен юм. Анхан шатны энэ мэт зүйлийг анзаараагүй нь бага зэрэг урам хугармаар. 


Түүнчлэн “Койн” гэдэг нэршил нь 2021 онд борооны дараах мөөг шиг гарсан, амлалтаа биелүүлээгүй олон монгол крипто төслүүдийг эргэн сануулж бид нарын үндсэндээ “траума”-г сэдрээж байна гэж хэлэхэд буруудахгүй. 


Ингээд өнгөцхөн, гаднах байдлаар дүгнэхэд тус токенд 8.5 оноо өгөхөөр байна. Гэхдээ 2021 оны монгол койны хямралын дараа анх “мөсийг хагалж” гарч ирж байгаа уг төслийн зоригийг үнэлж байна.