Монголын анхны крипто мэдээний сайт

Турк хууль бус бооцооны байгууллагыг илрүүлж, 40 сая долларын крипто хураан авчээ

2022-10-23


Туркийн эрх баригчид гэмт хэргийн санхүүг угаахын тулд криптовалют ашигласан хууль бус бооцооны байгууллагыг илрүүлжээ.

Мөрдөн байцаалтын дараа хууль сахиулагчид уг схемд оролцсон 46 хүнийг баривчилж, 40 сая долларын дижитал хөрөнгийг хураан авсан байна.

"Энэ бол дөнгөж эхлэл"

Орон нутгийн мэдээлэлд дурьдснаар Туркийн цагдаа нар сэжигтнүүдийг тус улсын нийслэл Анкара, Кайсери, Ван, Йозгат болон бусад бүс нутгуудад саатуулжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас эдгээр хүмүүсийг Анкарад төвтэй гэмт хэргийн бүлэглэлийн нэг хэсэг байсан бөгөөд 7258 дугаар хуулийг (спортын тоглоомд шударгаар бооцоо тавихыг зохицуулдаг хууль тогтоомж) зөрчсөн гэж үзсэн.

Гэмт хэргийн үйлдэхдээ тус байгууллага хууль бус спортын бооцооны схем ажиллуулж, орлогоо олон тооны криптовалютын данс руу илгээсэн. Зарим хаягууд нь мафийн бүлгийн толгойлогч байсан Киприйн Турк бизнесмэн Халил Фалялигийнх байв. Энэ оны эхээр тэрээр Киприйн Кирени дахь гэртээ алагдсан юм.

Прокурорууд гэмт бүлэглэл бараг 135 сая долларын криптог эргэлдүүлсэн гэв. Туркийн Дотоод хэргийн сайд Сүлейман Сойлу цагдаа нар энэ мөнгөний гуравны нэг орчмыг хураан авсан хэмээгээд "энэ бол дөнгөж эхлэл" гэж мэдэгджээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ ажиллагаа Халил Фалялигийн аллагатай холбоотой. Ойролцоогоор 2.5 тэрбум доллар шилжүүлсэн байна. Одоогоор 40 орчим сая ам.доллар нь хураагдсан байгаа” гэв.

Тус яам мөн мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой материалыг Европын олон орны хууль сахиулагчдад илгээсэн бөгөөд энэ нь тус тив дэх ийм гэмт хэргийг устгах хүчин чармайлтад тус болно гэж найдаж байна.