Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон Сербид биткойн АТМ-аас бэлэн мөнгө авчээ

2022-12-23


Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр, Terraform Labs-ийг үүсгэн байгуулагч До Квон саяхан Сербид нэвтэрсний дараа Luna Foundation Guard-ийн түрийвчнээс 9.64 биткойныг (120,000 ам. доллар) бэлэн мөнгө болгон гаргаж авсан байна. Серби бол Өмнөд Солонгостой ялтан шилжүүлэх гэрээгүй орон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Биткойны АТМ машиныг Белград зэрэг биткойныг доллараар сольж болох газруудад суурилуулсан. CoinATMRadar-аас өгсөн мэдээллээр Белград хотод хоёр криптовалютын киоск байдаг.

Тавдугаар сард TerraUSD болон Luna 0 болтлоо унаснаар криптовалютын зах зээл шоконд орж, хэдэн тэрбум долларын үнэтэй виртуал хөрөнгө бараг нэг шөнийн дотор ууршсан.

До Квон түүнээс хойш өөр өөр улс руу дүрвэж байгаа. Өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын шүүх Terraform Labs компанийн хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр Квоныг баривчлах шийдвэр гаргасан юм.

Үүнээс хойш Сөүлийн Өмнөд дүүргийн прокурорын газар До Квоныг хэдэн сарын турш мөрдөж байгаа билээ. Квон 10-р сард Дубайг орхисныхоо дараа Сербид нуугдаж байгаа нь батлагдсан. Үүний зэрэгцээ Квон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд идэвхтэй хэвээр байгаа ба өөрийгөө оргоогүй гэсээр байна.