Монголын анхны крипто мэдээний сайт

Coinbase ахин 950 хүнийг цомхотголоо

2023-01-11


АНУ-д төвтэй криптовалютын бирж Coinbase ажиллах хүчээ 950 орчим хүнээр цомхотгохоор болжээ.

Тус пүүс өмнө нь макро эдийн засгийн таагүй нөхцөл байдлын улмаас ажилчдынхаа 18%-ийг халж байсан.

Coinbase-ийн гүйцэтгэх захирал Брайан Армстронг баавгайн зах зээл удаан үргэлжилсэн үед зардлаа бууруулах компанийн урт хугацааны стратегийн хүрээнд багийнхаа 950 гишүүнийг халах "хэцүү шийдвэр" гаргасан гэж өчигдөр мэдэгджээ.

Армстронг цааш нь хэлэхдээ крипто өвөл анх удаагаа эдийн засгийн томоохон уналттай давхцсан нь цомхотголд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл гэв.

"Хамтран ажиллагсадтайгаа салах нь үргэлж хэцүү байдаг ч боловсон хүчний тоонд өөрчлөлт оруулахгүйгээр зардлаа мэдэгдэхүйц бууруулах ямар ч арга байгаагүй" гэж гүйцэтгэх захирал онцлолоо.

Нөлөөлөлд өртсөн Coinbase-ийн ажилтнууд доод тал нь 14 долоо хоногийн үндсэн цалин болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. Мөн шаардлагатай бол өөр компанид шилжихэд дэмжлэг үзүүлэх аж.

Их хэмжээний цомхотгол явуулж байгаа ч Армстронг баавгайн зах зээл дууссаны дараа криптовалютын зах зээл сэргэж, Coinbase салбартаа тэргүүлэгчдийн нэг хэвээр байх болно гэдэгт итгэлтэй хэвээр байна.

Coinbase өнгөрсөн оны зургадугаар сард ажилчдынхаа 18%-ийг халснаар цомхотголоо эхэлсэн. Тэр үед Армстронг дэлхийн эдийн засаг уналтад орно гэсэн таамаглалаар энэ алхмыг зөвтгөж байв.