Монголын анхны крипто мэдээний сайт

Gemini бирж ажилчдынхаа 10%-ийг цомхотголоо

2023-01-25


Gemini криптовалют бирж нь нэг жил хүрэхгүй хугацаанд гурав дахь ээлжийн цомхотгол хийж, нийт ажилчдынхаа 10%-ийг халсан байна.

Гүйцэтгэх захирал Кэмерон Винклвосс энэхүү цомхотголын шалтгаан нь макро эдийн засгийн дарамт болон крипто салбарын уналтаас үүдэлтэй гэж мэдэгдэв.

Тэрээр мэдэгдэлдээ "Энэ зуны дараа дахин бууралтаас зайлсхийх нь бидний итгэл найдвар байсан ч макро эдийн засгийн байнгын сөрөг нөхцөл байдал, манай салбарын урьд өмнө байгаагүй луйвараас болж биднийг хэтийн төлөвөө эргэн харж, ажилчдын тоог цаашид бууруулахаас өөр сонголтгүй болгосон" гэжээ.

Pitchbook-ийн мэдээллээс харахад Gemini 2022 оны 11-р сарын байдлаар 1000 ажилтантай байсан бөгөөд ойролцоогоор 100 хүн халагдсан гэсэн үг юм. Хамгийн сүүлд долдугаар сард цомхотгол хийснээр компанийн долоон хувь нь ажлаасаа халагдаж байжээ.

Ийм эрс тэс арга хэмжээ авч байгаа тэд ганцаараа биш юм. Coinbase зургадугаар сард нийт ажилчдынхаа 18 хувийг халсны дараа энэ сарын эхээр дахин 950 ажилтнаа халсан. CryptoCom мөн хоёр долоо хоногийн өмнө ажилчдынхаа 20 хувийг цомхтгожээ.