Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто олборлолтын чимээнээс болж оршин суугчид гомдол гаргав

2023-01-29


Хойд Каролина мужийн Мерфи хотын оршин суугчид тус газарт байрлах криптовалют олборлогч нь маш чанга дуу чимээ үүсгэж, цахилгаан сүлжээнд сөргөөр нөлөөлж байна гэж гомдолложээ.

Тиймээс зарим хүмүүс хотыг орхин өөр газар суурьшихаар шийдсэн байна.

"Тийрэлтэт онгоцны ард байгаа юм шиг сонсогдож байна"

Сан Францискод төвтэй PrimeBlock компанийн суурилуулсан крипто олборлогч нь Хойд Каролина мужийн Мерфи хотын 1600 оршин суугчдын заримд маш том асуудал болж байгаа бололтой. Оршин суугч Майк Лугиевич саяхан өгсөн ярилцлагадаа уг байгууламжаас гарах тэсэхийн аргагүй чимээ шуугианаас болж нүүнэ гэж мэдэгджээ. Тэрээр энэ талаар ярихдаа:

“Өнөө өглөө 85 децибелийн хэмд ажиллаж байсан. Энэ нь тийрэлтэт онгоцны ард байгаа юм шиг, эсвэл Ниагара хүрхрээний дотор байгаа юм шиг чимээ шуугиан гэсэн үг. Та ийм газар амьдарч байна гэж төсөөлөөд үз дээ" гэв.

Үүнээс гадна олборлогчид дотоодын цахилгаан сүлжээг хохироосон. Зул сарын баярын үеэр агаарын хэм цельсийн гурван хэм хүртэл буурсан үед иргэд цахилгаангүй болсон гэж Лугиевич хэлэв. Хот даяар гэрэл тасарсан ч тус байгууламж ажиллаж байсан гэж тэрээр гомдолложээ.

Лугиевич аль хэдийн өөр газар нүүхээр шийдсэн ч нутгийн олон хүмүүс ийм чадваргүй өндөр настай хүмүүс байдаг. Тэрээр энэ "галзуу" чимээ шуугианыг зогсоож, Мерфигийн оршин суугчдын сайн сайхан байдлыг сэргээхийн тулд эрх баригчид шаардлагатай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ.