USDT тогтвортой коины ард байдаг Tether Holdings саяхан өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 700 гаруй сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа зарлалаа гэж Bloomberg мэдээллээ.
Энэхүү ашиг нь дэлхийн хамгийн их арилжаалагддаг дижитал токен болох USDT-ийг дэмжих нөөцөд нэмэгдсэн байна. Tether энэ цэвэр ашгийг хэрхэн бүрдүүлсэн талаар мэдээлээгүй ба санхүүгийн тайлангаа өмнө нь зарлаагүй байна. Саяхан BDO Italia нягтлан бодох бүртгэлийн фирмээс хийсэн нөөцийн баталгаажуулалтад мөн тоо баримтыг оруулаагүй болно. Тогтвортой коинууд нь АНУ-ын доллар гэх мэт fiat валютын үнэ цэнтэй холбоотой криптовалютууд юм. Энэ тогтвортой байдлаа хадгалахын тулд тэд их хэмжээний нөөцийг барьцаалах шаардлагатай.
CoinMarketCap-аас өгсөн мэдээллээр Тетер нь 68 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд энэ нь криптовалютын гурав дахь том (зөвхөн Bitcoin болон Ethereum-ийн ард) токен юм. Тус компани нь шинэ хадгаламжийн гүйлгээний шимтгэл, эргүүлэн төлөх хураамж, шинэ дансны KYC процессын баталгаажуулалтын хураамжаар мөнгө олдог.