Монголын анхны крипто мэдээний сайт

Хойд Солонгос крипто гэмт хэргээрээ дэлхийд тэргүүлж байна

2022-07-03


Дэлхийн криптогийн гэмт хэргийн орон зайд Хойд Солонгосын хувь тодорхойгүй байгаа ч БНАСАУ-ын кибер хөтөлбөр нь өргөн хүрээтэй бөгөөд сайн зохион байгуулалттай гэж Коинкуб мэдэгдэв.

Тус улсын иргэдийн дийлэнх нь хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн дутагдал, үндсэн үйлчилгээний хүртээмжгүй байдалтай тэмцэж байна. Тэд интернетэд холбогдох боломжгүй. Гэсэн хэдий ч тус улс хакерын супер гүрэн болжээ.

Эдийн засгийн хувьд дэлхийн бусад улсаас тусгаарлагдсан Хойд Солонгосын чадварлаг хакерууд хэд хэдэн ашигтай кибер халдлага үйлдэж, тус улсын зэвсгийн хөтөлбөрт зориулж хөрөнгө хулгайлсан байна.

БНАСАУ-аас гарсан бүх халдлагыг төрөөс ивээн тэтгэсэн байх магадлалтай, учир нь интернэт холболтыг зөвхөн Пхеньян хянадаг гэж тайланд дурджээ. Тус улсын кибер арми дэлхийн улс орнуудын засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудыг онилон, орлогоо үндэсний батлан ​​хамгаалахын төсөвт төвлөрүүлдэг.

Крипто үйлдвэрлэл 2020-2021 онд томоохон эргэлт хийсэн. Яг энэ үеэр НҮБ-ын тайланд Хойд Солонгосын хакерууд цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд ийм платформ дээр долоон удаа халдлага үйлдсэн гэж мэдэгджээ.

Тэд Өмнөд Солонгосын биржүүдийг хамгийн их онилон халдлага хийдэг байна. Bithumb нь БНАСАУ-ын хакеруудын халдлагад дөрвөн удаа өртсөн. Сүүлийн халдлагын үеэр 60 сая доллар халаасалж чаджээ.

Төрийн дэмжлэгтэй хакерын бүлэг болох Лазарус групп нь 2014 онд Sony-ийн халдлагыг оролцуулаад сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том хакер халдлагын ард байсан юм. 2017 онд WannaCry гэх нэртэй хакер халдлага нь тус бүлэглэлийн бас нэгэн довтолгоо байсан бөгөөд дэлхий даяар томоохон байгууллагуудыг хамарсан.

Энэхүү халдлага 7 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд дэлхийн 150 орны 200,000 орчим компьютерийг хамарсан байна. Гол бай нь Орос, Энэтхэг, Украин, Тайвань байв. Түүнчлэн саяхан тус бүлэглэл энэ оны эхээр Axie Infinity-ийн Ронин гүүрнээс 620 сая гаруй долларыг хулгайлсан.

Крипто орон зайд хурдацтай шилжсэнээр БНАСАУ-ын хакерууд мөн Web3-д дасан зохицож, АНУ-ын засгийн газрын хэд хэдэн агентлагийн мэдээлснээр одоогоор DeFi-г онилж байна.