Монголын анхны крипто мэдээний сайт

Ружа Игнатоваг Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байна

2022-07-03


OneCoin нэртэй хуурамч криптовалют зарж хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.доллараар залилсан хэрэгт буруутгагдаж буй Германы иргэнийг Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж буй топ 10 оргодолын ​​жагсаалтад оруулсан тухай АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

"Cryptoqueen" буюу Крипто хатан гэгддэг Ружа Игнатова нь 2019 онд Болгарт төвтэй OneCoin Ltd компанийг пирамид схем болгон ажиллуулж байсан ба залилан, үнэт цаасны луйвар зэрэг найман зүйл ангиар буруутгагдсан. Прокурорууд тус компани гишүүддээ үнэ цэнэгүй криптовалют худалдаж авахын тулд өөрийн схемдээ элсэхийг санал болгодог гэж мэдэгджээ.


Манхэттэн дэх шүүхийн дээд прокурор Дэмиан Уильямс хэлэхдээ "Тэр өөрийн схемээ маш сайн тооцоолж, криптовалютын эхэн үеийн галзуу өсөлтийг сайн ашигласан" гэв. Мөн Уильямс OneCoin-ийг "түүхэн дэх хамгийн том крипто понзи схемүүдийн нэг" гэж тодорхойлсон.

Игнатова 2017 оны сүүлээр америк найз залуугийнхаа орон сууцанд амьдарч байсан боловч найз залуу нь OneCoin-ийн хэргээр Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгааг мэдээд алга болсон гэж Уильямс хэлэв. Тэрээр Болгараас Грек рүү нисэх онгоцонд суусан бөгөөд түүнээс хойш ор сураггүй алга болжээ.

Холбооны мөрдөх товчоо Игнатовагийн мэдээлэлд 100 мянган ам.долларын шагнал санал болгож байгаа аж.

Игнатоваг корпорацийн хуульч асан Марк Скотттой хамт буруутгаж байсан бөгөөд прокурорууд түүнийг OneCoin-ийн 400 сая доллар угаасан гэж буруутгасан. Гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа Скотт мөнгө угаах, банкны луйвар хийх зорилгоор хуйвалдаан үйлдсэн хэмээж гэм буруутайд тооцсон байна.