Монголын анхны крипто мэдээний сайт

Монгол улс крипто салбарт онцгой татвар тогтоох уу

2022-07-05


Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Энэ үеэр салбар яамдууд тайлангаа товч тавьсан ба уг хурлын дараагаар хорооны гишүүд асуулт асууж хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нээлттэй микрофон дээр “Өнгөрсөн жил ковидтой байсан. Гэхдээ койн гэх санхүүгийн ковид гарсан. Койнд 2 их наяд, хүмүүсийн хэлж буйгаар 6-7 их наяд төгрөг тавьж туусан гэсэн. Ихэнх хүмүүс нь мөнгө алдаад цөөн хүн хожсон гэнэ лээ. Ингэж их мөнгө цуглуулсан хүмүүс ямар татвар төлдөг вэ. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?” хэмээн асуув.

Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариулахдаа “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо койн гаргагчдыг бүртгэж эхэлсэн. Дөрвөн байгууллага мэдээллээ өгсөн байна. Бүртгэл есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар койнд 950 орчим тэрбум төгрөг татагдсан гэдэг төсөөлөлтэй байгаа. Гэхдээ нь албан бус тоо юм. Бүртгэгдсэн байгууллагуудын татварыг хэрхэн хураах зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг цаг тухайд нь хийгээд явна” хэмээн хариулав.

Үүнээс үзэхэд Монгол улсын Засгийн газар виртуал хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад онцгой татвар тогтоож, магадгүй цаашлаад крипто арилжааны ашгаас удахгүй татвар авах магадлалтай юм. Учир нь эрх баригчдын уг салбар дахь таагүй хандлага, мөн олон нийтийн мэдлэг тутмаг байдлаас үүдэлтэй эсэргүүцэл, мөн эдийн засгийн таагүй байдал, мөнгөний ханш уналтаас үүдэн улсын орлогыг нэмэгдүүлэх сорилт сүүлийн үед Засгийн газарт тулгараад байгаа билээ. Иймд крипто салбар, мөн арилжаачид эрх баригчдын дараагийн үнээ байх боломжтой.