Монголын анхны крипто мэдээний сайт

Бутан усан цахилгаан станцаар биткойн олборлодог

2023-05-01


Бутаны Гималайн жижиг вант улс криптог чимээгүйхэн хуримтлуулж байгаа нь ил болжээ. Түүгээр ч зогсохгүй 800,000 хүрэхгүй хүн амтай тус улс биткойн олборлох үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд ногоон эрчим хүчийг ашигладаг байна.

"Үндэсний нийт аз жаргал"-д анхаарлаа хандуулж, үзэсгэлэнт газруудаараа алдартай Бутан улс ДНБ-ийхээ 30 хувийг бүрдүүлдэг томоохон усан цахилгаан станцаа ашиглах арга замыг олсон.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр Бутаны албаны хүмүүс биткойны үнэ 2019 оны 4-р сард 5,000 орчим доллар байсан үед олборлолт эхэлсэн гэдгийг баталжээ. Үүнээс хойш биткойны үнэ нэг зоос тутамд ойролцоогоор 28,000 доллар болтлоо өссөн.

Вант улс олборлолтын үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийн тулд түншлэлийн харилцаагаа тэлж байгаагаа зарласан байна.

Тодруулбал Бутан дахь биткойны олборлолтын дата төвийн 100 МВт-ын эрчим хүчийг хангахын тулд Nasdaq-д бүртгэлтэй олборлолтын Bitdeer компанитай хэлэлцээр хийж байгаа аж . Энэхүү түншлэл нь Bitdeer компанийн олборлолтын хүчин чадлыг 12 орчим хувиар нэмэгдүүлэх юм.

Бутаны олборлолтын үйл ажиллагааны цар хүрээ нууц хэвээр байгаа бөгөөд олборлолтын фермүүдийн байршил, хэмжээ, ашигт ажиллагааны талаар маш бага мэдээлэл байдаг.

Засгийн газар яагаад энэ төслийг иргэддээ болон олон улсын түншүүддээ дэлгэхгүй байхаар сонгосон нь бас тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч төрийн өмчит DHI холдинг нь ард түмнийхээ нэрийн өмнөөс криптовалютын эзэмшилд олон сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгджээ.

Түүнчлэн нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр биткойны олборлолт нь дэлхийн хамгийн цэвэр үйлдвэрлэл гэж зарласан ба эрчим хүчний эх үүсвэрийн 50 гаруй хувь нь эх үүсвэрээс бүрддэг гэдгийг онцолсон байна.

Бутан улс Зүүн Африкаас Скандинав хүртэлх хамгийн хямд цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг болох усан цахилгаан станцын тусламжтайгаар биткойн олборлодог бүс нутгуудын урт жагсаалтыг нэгээр нэмж байна.