Монголын анхны крипто мэдээний сайт

Шинжээч: Биткойны үнэ аажмаар 50,000 долларт хүрэх төлөвтэй байна

2023-06-09


Крипто салбар дэлхий даяар хатуу зохицуулалтын арга хэмжээнүүдтэй тулгарсаар байгаа ч зарим шинжээчид биткойныг удаан бөгөөд тогтвортой өснө гэж таамаглаж байна.

Алдарт криптовалютын стратегич Дайв хэлэхдээ хэрвээ биткойны өмнөх хэв маяг давтагдах юм бол криптовалютын үнэ энэ жилдээ  50,000 доллар хүртэл өсөх магадлалтай гэж таамаглаж байна. Энэхүү өөдрөг таамаг нь зохицуулалтын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа үед гарч байгаа ч криптовалютын зах зээлийн бусад нэр хүндтэй хүмүүсийн таамаглаж буй өсөлтийн төлөвтэй нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.

Жишээлбэл Ark Invest-ийн гүйцэтгэх захирал Кэти Вүүд Binance, Coinbase зэрэг криптовалютын аваргуудад чиглэсэн зохицуулалтын хяналт шалгалтын давалгааг үл харгалзан дижитал валютын ирээдүйн талаарх өөдрөг төсөөллөөрөө бат зогссоор байна. Тэрээр биткойныг 1 сая долларын үнэд хүрнэ гэсэн зоримог таамаглалдаа үнэнч байна.

Биткойны одоогийн үнийн үзүүлэлт нь бага хэмжээгээр ч гэсэн энэхүү өөдрөг төсөөллийг тодорхой харуулж байна. Өнөөдрийн байдлаар биткойны үнэ 26,488.75 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь 24 цагийн хувьд 0.4%-иар өссөн ч сүүлийн долоо хоногт 2.2%-иар буурсан байна. Гэхдээ эдгээр тоо нь 2021 оны арваннэгдүгээр сард хүрсэн 69,044.77 ам.доллараас хамаагүй доогуур үзүүлэлт юм.