Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди хүүхдүүддээ 14 BTC худалдаж авчээ

2023-07-28


АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн ач хүү, 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэг Роберт Ф.Кеннеди биткойныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, долоон хүүхэддээ тус бүр хоёр BTC худалдаж авсан гэдгээ мэдэгдэв.

Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Ф.Кеннеди (цөмийн эрчим хүч, COVID-19-ийн вакцинжуулалтын хөтөлбөр, зэвсгийн талаарх маргаантай үзэл бодлоороо алдартай) мөн биткойнчдын анхаарлыг татаж, өөрийгөө биткойны дэмжигч гэж танилцуулсан.

Саяхан Скотт Мелкер ("Бүх гудамжны чоно" гэгддэг) зохион байгуулсан Twitter Spaces-ийн цугларалтад тэрээр энэ оны тавдугаар сард Майамид болсон Bitcoin бага хурлын дараахан долоон хүүхэддээ тус бүр хоёр биткойн худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед хөрөнгийн үнэ 27,000 доллар орчим байсан бөгөөд үүнийг авахын тулд нийт 380,000 доллар зарцуулсан гэсэн үг юм.

69 настай тэрээр анхдагч криптовалютын талаар анх 2009 онд сонссон гэж тайлбарлаж байсан ч тэр үед үүнд нэг их анхаарал хандуулаагүй. Гэсэн хэдий ч 2022 оны эхээр Канад дахь ачааны машинчдын томоохон ажил хаялт Кеннедигийн бодлыг өөрчилжээ.

Жагсагчид ихээхэн хэмжээний крипто хандив авч байсан бол орон нутгийн эрх баригчид санхүүгийн фирмүүдэд тэдний холбогдох хаягаар үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг тушаасан байв. Энэ үеэр Роберт Ф.Кеннеди BTC-ийн төвлөрсөн бус шинж чанарыг утгаар нь мэдэрсэн гэжээ.