Монголын анхны крипто мэдээний сайт

Томас Петерффи: АНУ биткойныг хориглож магадгүй

2022-07-17


Интерактив брокерын үүсгэн байгуулагч, дарга Томас Петерффи нь Америкийн эрх баригчид криптовалютыг хууль бус үйл ажиллагаанд тустай гэж үзэн хориглож магадгүй гэв. Гэсэн хэдий ч тэрбумтан HODLer хэвээр байх бөгөөд ханш 12,000 доллар хүртэл буурвал илүү их биткойн худалдаж авахаа амлалаа.

Одоогийн эдийн засгийн байдал ба биткойн

Саяхан Форбс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Петерффи үргэлжилж буй санхүүгийн хямрал, ялангуяа АНУ-д дээд амжилт тогтоосон инфляци ойрын хэдэн жил үргэлжилнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Инфляцийн дарамт хэдэн сар биш олон жил үргэлжилнэ гэдэгт би итгэж байна. Энэ бол богино хугацааны асуудал биш” гэв.

Тэрээр өөрийн таамаглалыг батлахын тулд инфляцийн түвшинг дээд цэгт байлгах хэд хэдэн хүчин зүйлийг онцлон тэмдэглэв. Үүнд даяаршил "урвуу" болохын хэрээр нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, чадварлаг ажилчдын хомсдол, автоматжуулалт нэмэгдэж, АНУ-ын Төв банкны зээлийн хүүгийн өсөлт зэргийг хамруулав.

Харин энэхүү хямралын үед тэрээр хөрөнгө оруулагчдад нээлттэй хувьцаат компаниудад анхаарлаа хандуулахыг зөвлөжээ, учир нь энэ бол "судалгаа хийх, компаниудын хувьцааг хуримтлуулах сайхан цаг" юм гэсэн байна.

Тэрбумтан криптовалютын хөрөнгө оруулалтын талаар хэлэхдээ энэ нь тийм ч зөв сонголт биш байж магадгүй, учир нь биткойныг "ханш нь шал арчих эсвэл хууль бус болох магадлал өндөр" гэж анхааруулав. Түүний үзэж байгаагаар гэмт хэрэгтнүүд хууль бус үйл ажиллагаандаа дижитал хөрөнгийг өргөн ашиглаж байгаа нь улам нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Америкийн Засгийн газрыг биткойныг хориглоход хүргэж болзошгүй том шалтгаан гэжээ.

Хэдийгээр ийнхүү анхааруулж байгаа ч Петерффи биткойны HODLer хэвээр байхаа амласан байна. Тэр ч байтугай хөрөнгийн үнэ 12 мянган доллар болтлоо унавал позицоо ихээр нэмэгдүүлнэ гэдгээ онцлов.