Монголын анхны крипто мэдээний сайт

Майкл Сэйлор MicroStrategy компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцров

2022-08-03


Биткойны максимилист, тэрбумтан Майкл Сэйлор дэлхийн хамгийн том биткойн эзэмшигчдийн нэг болох MicroStrategy-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорлоо. Гэхдээ тэрбээр тус компанийн ТУЗ-ийн даргаар үргэлжлүүлэн ажиллах болно.

Үүнийг MicroStrategy-ийн 2022 оны 2-р улирлын санхүүгийн үр дүнгийн танилцуулга дээр зарласан бөгөөд тус компанийн санхүүгийн захирал асан Фонг Ле гүйцэтгэх захирлын албан тушаалыг авах аж.

Энэ нь Сэйлор 1989 онд компанийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлын хамтарсан үүргээсээ татгалзаж байгаа явдал юм.

Сэйлор мэдэгдэлдээ Гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхих нь програм хангамжийн бизнесээ өргөжүүлэх, илүү их биткойн авах зорилтоо хэрэгжүүлэх боломжийг олгоно гэж тайлбарлав.

"Гүйцэтгэх захирлын хувьд би биткойн худалдан авах стратеги болон биткойныг сурталчлах санаачилгад илүү их анхаарал хандуулах бол Фонг корпорацийн ерөнхий үйл ажиллагааг удирдах болно" гэж Сэйлор хэлжээ.

Түүнчлэн шинэ захирал Фонг Ле нь MicroStrategy-ийн Bitcoin HODL төлөвлөгөөгөө тууштай баримтална гэдгийг тодотгов.

Гэсэн хэдий ч 2-р улирлын үр дүнгээс харахад MicroStrategy нь биткойны үнэ унаснаас болж 917 сая долларын дижитал хөрөнгийн үнэ цэнийн бууралтад нэрвэгджээ. 2021 оны 2-р улиралд тус компани биткойны үнэ цэнийн бууралт нь 417 сая ам.долларт хүрч байв.

MicroStrategy одоогоор 129,699 биткойныг эзэмшдэг бөгөөд 6-р сарын 30-ны байдлаар 1.98 тэрбум долларын үнэтэй байв.