Мягмар гарагт Тайваньд хэвийн өдөр байлаа.
Гэсэн хэдий ч орой нь "Тавтай морил, Пелоси хатагтай" гэсэн бичгийг Тайваны хамгийн өндөр барилга дээр үзүүлснээр дэлхий дахины анхаарал Тайванд төвлөрч эхлэв. Твиттер болон барууны ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэл дамжуулж эхлэсэн. Дайны үүл цугларч байв. Бээжин Хятадын эргийн хот болох Шямэнь хотын наран шарлагын газруудад цэргийн зэвсгийн үзүүлбэр үзүүлж, аюулын дохиог дугаргаж эхлэв. Хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхий даяар Пелосигийн айлчлалыг чих тавин хүлээж байв.
Гэвч байлдааны онгоцоор хүрээлүүлсэн Пелосигийн онгоц аюулгүй газардаж, лхагва гарагт Тайваны Ерөнхийлөгчтэй уулзалт хийж, айлчлал аюулгүй өндөрлөв.
Харин Пелосиг газардсаны дараа Бээжин хурдан хариу арга хэмжээ авсан. БНХАУ-ын Засаг захиргаанаас Тайваны цитрус жимс, хоёр төрлийн загас, мөн 100 нэрийн зууш, нарийн боовны импортын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. Тэд мөн долоо хоногийн сүүлээр Тайваний эрэг орчмоос шууд галын сургуулилт хийнэ гэж амласан ч энэ нь чухам юу болох талаар нарийн тодорхойлолт өгөөгүй байна.