Монголын анхны крипто мэдээний сайт

БНХАУ Тайванийг тойрсон цэргийн сургуулилтаа Пелосигийн айлчлалаас нэг хоногийн дараа эхлүүлэв

2022-08-04


АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Бээжингийн Хятадын нутаг дэвсгэр гэж үздэг тус аралд айлчилсны дараа буюу пүрэв гарагт Хятад улс Тайванийг тойрсон зургаан бүсэд урьд өмнө хэзээ ч байгаагүй цэргийн сургуулилтыг эхлүүлэв.

Хятадын төрийн телевиз CCTV-гийн мэдээллэснээр сургуулилт 04:00 цагт эхэлсэн бөгөөд ням гарагийн 04:00 цагт дуусна гэж мэдэгдэв. Үүнд Тайванийг тойрсон усан болон агаарын орон зайд шууд гал нээх ажиллагаа багтана гэжээ.

Тайваний албаныхан энэхүү сургуулилт нь НҮБ-ын дүрмийг зөрчиж, Тайванийн нутаг дэвсгэрийн орон зайд халдаж, агаар, далай тэнгисээр чөлөөтэй зорчиход шууд саад учруулж байна гэж мэдэгдэв.

Хятад улс олон улсын хамгийн их ачаалалтай усан зам, нисэхийн чиглэлд сургуулилт хийж байгаа нь "хариуцлагагүй, хууль бус үйлдэл" гэж Тайваний эрх баригч Ардчилсан нам мэдэгдэв.

Тайванийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч сургуулилтыг ноцтой зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлээд, мөн Батлан ​​хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас хакеруудын халдлагад өртсөн гэдгийг зарлажээ.

Лхагва гарагийн шөнө Пелоси Өмнөд Солонгосыг зорьсноос хэдхэн цагийн дараа үл мэдэгдэх онгоцууд, магадгүй дронууд эх газрын эргийн ойролцоох Тайванийн Кинмен арлуудын дээгүүр ниссэн гэж Тайванийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Тайванийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаж, хүчээр авах эрхтэй хэмээн Хятад улс пүрэв гарагт мэдэгдсэн ба "Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч гадны хүчинд өгч буй шийтгэл нь үндэслэлтэй, хууль ёсны" гэж Бээжинд төвтэй Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газар мэдэгдэв.

Пүрэв гарагт Twitter-тэй төстэй Хятадын Weibo платформ дээр Тайваньтай холбоотой хайлт, хэлэлцүүлэг оргил цэгтээ хүрчээ. Тэр дундаас онцлох нэг хэрэгчлэгч "Би энэ (Пелосигийн айлчлал) сайн зүйл гэж бодож байна. Энэ нь бидэнд Тайванийг бүслэх, хүчээр авах боломжийг олгож байгаа ба Нөхөр Пелосид талархах ёстой гэж бодож байна" гэж бичсэн нь ихээхэн хандалт авчээ.

Түүнчлэн Бээжинд АНУ-ын ЭСЯ орчмын хамгаалалт энэ долоо хоногийн турш үргэлжилсэн шиг пүрэв гарагт ер бусын чанга хэвээр байна. Мөн АНУ-ын бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалсан, эсэргүүцэл илэрхийлсэн шинж тэмдэг одоохондоо илрээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.