Баасан гаригийн ажлын байрны тайлангийн дараа хөрөнгө оруулагчид сэргэсэн бөгөөд биткойны ханш амралтын өдрүүдээр 23,000 доллар орчимд эргэлдэв.
Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 23,300 доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор бага зэрэг өссөн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчид инфляци, дайн болон эдийн засгийн хямрал болох вий хэмээх айдсаас болж биткойны ханш он гарснаас хойш үнэ цэнээ 50 гаруй хувиар алджээ. Сүүлийн гурван долоо хоногт дижитал хөрөнгө нь хувьцааны хамт өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдад багахан найдвар төрүүлж байна.
"Хэрвээ биткойны ханш 23,000 долларын түвшинг барьж чадвал дунд хугацааны хэтийн төлвийн хувьд маш их ирээдүйтэй байх болно. Биткойн энд тогтворжиж байгаа бөгөөд 25,000 долларын бүсээс дээш өсөх үед томоохон өсөлтийг бид харж магадгүй юм" гэж Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя хэлжээ.
Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто болох Ether нь саяхан ойролцоогоор 1700 доллараар арилжаалагдаж байсан нь ойролцоогоор 1 хувиар өссөн үзүүлэлт болов. Бусад томоохон криптүүдээс Theta болон ATOM нар тус бүр 6% -иас дээш өссөн боловч FIL 5% -иас илүү буурсан байна.
Баасан гарагт хөрөнгийн зах зээл уналттай хаагдсан ба Nasdaq 0.5%-иар унасан бол S&P 500 индекс 0.2%-иар буурсан байна. Хоёр индекс хоёулаа гурав дахь долоо хоног дараалан өссөн нь дэлхийн технологи, санхүүгийн үйлчилгээний хэд хэдэн брэндүүдийн сайн орлогын тайлангаас үүдэлтэй юм.
Түүнчлэн долдугаар сард 528,000 ажлын байр нэмэгдсэн нь хөдөлмөрийн зах зээлийг судалдаг шинжээчдийн таамаглалаас хоёр дахин илүү байсан бөгөөд эдийн засгийн энэ хэсэг хүчтэй хэвээр байгаагийн тод илрэл юм.
Moody's Analytics-ийн ахлах эдийн засагч Марк Занди ням гарагт твиттер хуудсандаа "Эдийн засгийн статистикууд арай өөдрөг харагдаж эхэлсэн. 7-р сарын ажлын байрны тайлан нь эдийн засгийн уян хатан байдлыг харуулж, яагаад бид уналтад ороогүйг, мөн ойрын хугацааны уналт зайлшгүй биш гэдгийг харуулж байна" гэжээ.