Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Брандт: Биткойны дараагийн уналтын цэг 13,800 доллар эсвэл бүр 10,350 доллар байж магадгүй

2022-11-11


11-р сарын 9-нд арилжаачид Binance нь FTX биржийг худалдан авах гэрээнээс татгалзсан тухай мэдээг хүлээн авснаар биткойн жилийн шинэ доод түвшиндээ хүрч унасан.

Одоогийн байдлаар BTC-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор эргэн сэргэж 17,540 ам.долларт хүрсэн байна. Биткойн 2021 оны арваннэгдүгээр сард хүрсэн бүх цаг үеийн дээд хэмжээ болох 69,000 ам.доллараас одоогийн байдлаар 75.9 хувиар буурчээ.

Дараагийн доод цэг 13,800 доллар эсвэл бүр 10,350 доллар байж болно

Ахмад трейдер Питер Брандт биткойны ханш бүх цаг үеийн хамгийн дээд цэгээсээ 50%-иас дээш унасан түүхүүдийг эргэн дурсаж, одоогийн биткойны ханшийн бууралт нь түүхэн дэх баавгайн зах зээлийн тав дахь нь болж байгааг тэмдэглэв.


2017 оны 12-р сараас 2018 оны 12-р сар хүртэл үргэлжилсэн 2018 оны баавгайн зах зээлийн үеэр биткойны үнэ 19,765 доллараас 3,148 доллар хүртэл буурч байжээ.

Түүнчлэн 2013 оны 11-р сараас 2015 оны 12-р сар хүртэл хоёр жил гаруй үргэлжилсэн баавгайн зах зээлийн үед биткойны үнэ 1177 долларын дээд цэгээс 164 доллар хүртэл бараг 86%-иар буурсан. 2011 оны баавгайн зах зээл нь хамгийн богино буюу ойролцоогоор таван сар үргэлжилсэн. Биткойны дээд ханш 32 ам.доллар байсан бол 93.8 хувиар буурч, 2 ам.долларт хүрчээ.

Питер Брандтын хэлснээр, хэрвээ биткойны ханш өмнөх баавгайн зах зээлийн жишгийг дагавал 80%-ийн уналт нь 13,800 доллар, 85%-ийн бууралт нь 10,350 доллар болно гэдгийг эргэн сануулав.

Үүнээс гадна JPMorgan биткойныг 13,000 ам. доллар болтлоо унаж магадгүй гэж таамаглаж байгаа бол Bloomberg-ийн шинжээчид болон Fundstrat-ын Марк Ньютон биткойны ханш 10,000 ам.доллараас доош унаж магадгүй гэж үзэж байна.